Friday, August 22, 2014

Эх орон үнэтэй юу ?

Дэлхийн тэргүүлэх эдийн засаг, зэвсэгт хүчин, үйлдвэрлэл аж үйлдвэржилтын орон болсон БНХАУ-н соёлыг 500 дахин бага хүн амтай, асар уудам нутагтай, Батлан Хамгаалах, ЭЗ гм бүхий л салбараараа урд Хятадаас хол дутмаг МУ-тай, эн тэнцүү хамтын ажиллагаа хэмээн нэрийдэж "Иж бүрэн стратегийн түншлэлийн хамтарсан тунхаглал" хэрэгжүүлнэ гэдэг үнэндээ "Хэрээг дуурайж хөлөө хөлдөөх галууны үлгэр адил " санагдана. 

Энэ тохиолдолд бид энэ зүйрлэлийн хэрээний дүрд илүү тохирно. Учир нь манай МУ-н Улс төр нь хувийн эрх ашгаа хөөсөн авилгачдаар дүүрэн, Нийгэм нь тогтворгүй ард түмэн нь ядуу зүдүү, ЭЗ нь хямралтай, Батлан хамгаалахын салбарт онцлох хөгжил гэх зүйл үгүй. Улс төрчид нь улсынхаа нууцыг санаатай болон санамсаргүй хэлбэрээр үргэлж алдаж байдаг. МУ-н хэдэн мэргэн буучтай хэдэн танктайг өдөр тутмын хэвлэлээс нь уншиж болохоор ийм сул дорой нөхцөлд байна. Улс үндэстнийхээ тусгаар тогтнол, Аюулгүй байдлын баталгаа, төрийн нууцаа хамгаалах систем ч гэж бидэнд алга байна.

Өөрөөр хэлбэл Ард түмэн, Тусгаар тогтнол, Үндэсний эрх ашгийнхаа төлөө зүтгэх төрийн түшээд, нэгдсэн цогц хөгжлийн бодлого, энэ цаг үед Монголд оронд маань даанч алга байна.
Энэ тохиолдолд
Хамтын ажиллагааны үр дүнд БНХАУ -д шаардлагатай бүхий л улс төр, нийгэм, ЭЗ, Батлан хамгаалахын салбарын хөгжил, онцлог, давуу сул тал гэх мэт Улсын нууцад хамаарах мэдээллээ бид л алдах магадлалтай.

2020 он гэхэд 2 улсын Худалгааны эргэлтийг 10 тэрбум ам долларт хүргэнэ гэж заасан нь энэ түншлэл аль улсад ашгаа өгөхийг нь тодорхойлж байгаа мэт санагдана.
Хятад бол Дэлхийн зах зээлийг үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бүх түвшинд хангадаг. Харин манай улс, Үндэсний хэмжээний томоохон үйлдвэр, ААН, үндэстэн дамнасан экспортлогч компани уул уурхайн салбарын зогсонги хэдээ эс тооцвол бараг үгүй. 40 сая малтай ч 3 сая ард иргэдээ мах сүүгээр хангах битгий хэл, үнийн өсөлтөөр харангадуулж алах дөхдөг систем бидэнд нэгэнт хатуу тогтсон. Үнэндээ Хамгийн сайн чадахыгаа ч хийж үйлдвэрлэж, тэгш хувиарилалтаар, зөв зохион байгуулалттайгаар хямд үнээр ард түмэндээ хүргэж чадахгүй байна шүү дээ бид.Тэгэхээр бид 10 тэрбум ам долларт хүргэх 2талын түншлэлийг хэрэгжүүлэхэд өчүүхэн оролцож, харин урд хөрш маань манайд нийлүүлж болох боломжит экспортын хэмжээгээ Манай улсын ЭЗ-н хүнд нөхцлийг далимдуулан нэмэгдүүлэхээр заасан байна гэж хардахаас өөр нөхцөлгүй харагдаж байна. Эгэл миний нүдээр Хятадаас орж ирэх бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, БНХАУ-н Монголд нийлүүлэх экспортын хэмжээг мөн нэмэгдүүлж тусгасан мэт харагдаж байна. Хэрхэн хэрэгжихийг нүдээр харах үлдэх шив. Миний буруу байж Монголын аж үйлдвэрлэлийн салбар сэргэж, БНХАУ-н өргөн уудам зах зээлд тэрбум тэрбум доллараар яригдах бараа бүтээгдэхүүн экпортлох чадамжтай болно гэж итгэе дээ.

Ер нь Улс төрийн бодлогын суурь нь Ард түмний эрх ашиг, Тусгаар тогтнол, Үндэсний Аюулгүй байдал дээр тогтнодог. Бусад бүх эрх ашиг, үр өгөөж дараа нь орно. Бүхий л авч болох бусад үр ашгийг тооцохоосоо эн тэргүүнд эдгээрийг л эн тэргүүнд тооцож, хамгаалах, сахиулах ёстой байдаг. Гэтэл уг Улс төр, ХУдалдаа ЭЗ,, Соёл хамтын ажиллагаа чиглэлээр баримтлахаар тусгасан бодлого түншлэлээ урьтал болговоос хүндээ хөнгөнөөр сольж, ирээдүй хойчис, Тусгаар тогтнол, улс үндэстнээ урт хугацаанд тавиад туусантай ялгаагүй шийдвэр гаргах нөхцөлөө бүрдүүлж байна.

Мөн Иж бүрэн стратегийн түншлэлийн хамтарсан тунхаглалын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэсэгт " Талууд хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх арга хэмжээ авна. Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг олон улсын чанартай болгох, Баянхошуу-Өвдөг, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Хавирга-Архашаат боомтуудыг байнгын ажиллагаатай болгох ажлыг идэвхтэй урагшлуулна. Цагаандэл Уул-Өлзийт боомтыг нээх ажлыг түргэтгэнэ" гэж тусгажээ. Ямартай ч урд хөрштэйгээ улам ойртсоор л... Ойртох бүхий л боломж нөхцөлийг Төрийн тэргүүнүүд харилцан зөвшилцөж, Тунхаглалдаа тусгаж амжсан байна. Магадгүй би хэтэрхий ухвар мөчит хандаж, хардаж байж болох юм. Гэхдээ л өөрсдийн эх орон ард түмэндээ хүртэхээс илүү ашиг, үр өгөөжийг гадныханд хүртээж, ямар ч саадгүй үйл ажиллагаа явуулах, МУ-д стратегийн түншлэл хийж Хөрөнгө оруулах тухай ч уг түншлэлд дурдсан байна. Цөөхөн хүн амтай асар уудам нутаг, асар их баялагийн эзэн болсон бид хүчээр давуу, бидний газар нутаг, эд баялагт олон мянганы турш шунан дурлаж өнөөг хүргэсэн урд хөрштэйгээ хэт ойртож, үйл зайгүй ахан дүүс болох гэх хэрэг байна уу.

БИДэнд өөрсдийн өнгөрсөн түүхээ ухаж, Одоо цагаа бодитоор үнэлж, Ирээдүйгээ Ард түмнийхээ эрх ашиг, Улс үндэстнийхээ тусгаар тогтнол аюулгүй байдалд тулгуурласан Хөгжлийн цогц бодлогоор жолоодох шаардлага тулгарчээ.


Tuesday, August 19, 2014

Төрд ХЭЛЭХ ҮГ БАЙНА НАДАД.


 Ард түмэн бид та нарын хувьд яг юу юм бэ ?

Иргэн миний  нүдээр бол бүх боломж харагдаад байх юм. Болдоггүй юм байлгүй дээ.
Гадаад валютын нөөц, байгалийн баялаг, тэтгэврийн сангийн тодорхой хувиар Хөрөнгө оруулалтын сан бий болгож түүгээрээ үндэсний томоохон корпорациудыг төрүүлж өсгөвөл бид дэлхийн хэмжээнд биш юмаа гэхэд ОУ-д өрсөлдөх чадвартай болох бус уу ?Үр ашигтай зохион байгуулж чадвал Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед улс орноо хөл дээр нь босгох мэргэн бодлогыг эхлүүлэх боломжтой санагдана. Эсвэл Аль хэдийн бүгдийг нь идээд уучихсан бил үү та нар ?

Улс эх орныоо төлөө бүхнээ зориулж, ухаанаа уралдуулах удирдагч хэзээ төрөх вэ ?

Гадны банканд гадаад валютын нөөц нэртэй 1 тэрбум ам долларыг жилийн 1 хувийн хүүтэй хадгалуулах шийдвэрийг зовлонгүй гаргадаг атлаа , ард иргэд нь 20 дахин өндөр хүүтэй зээлийг авч амьдрал ахуйгаа залгуулдаг гэдгийг мэддэг болов уу ?

Ард түмэн бид та нарын хувьд яг юу юм бэ ?

Энгийн хүний хувьд авч үзвэл орлого олж, цалин авч байгаа бол олж байх явцдаа, хуримтлал үүсгэх учиртай. Хуримтлуулсан орлогоороо шинийг санаачилж, аливаа ашигтай бизнесийг гардан эхлүүлж болно эсвэл, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх ч боломжтой байдаг. Ингэснээрээ тухайн хүний, тухайн үедээ өндөр цалин авч байсны гавьяа гарна. Үгүй бол, менежментгүй буруу зарцуулж, хуримтлуулах, хөрөнгө оруулах замыг үл сонговоос, идэж эдлэх, өмсөх зүүх, тансаглах,гоё машин унах гэм мэтээр байх шаардлагагүй хэт хэрэглээг дэвэргэж, шаардлагагүй  худалдан авалт хийх хөшүүрэг болох бөгөөд, энэ мэтээр үр ашиггүй зарцуулж , замбараагүй тансаглаж наргисныхаа хороор өвчин эмгэгт өртөх маш өндөр магадлалтай байдаг. Байдагаа барж  доройтохын дээр бас амьд байгальдаа ч хөнөөлтэй. 
Амьд байгалиа улам хурдан сүйтгэж, дэлхийн түүхий эдийн нөөцийг , идэж, эдлэх  тансаглах, өмсөх зүүх, гоё машин унах гэх мэт мунхаглалын үрийг улам ихээр цацахад зориулж өөрөө өөрийгөө улам хурдан мөхөөх тогтолцоо болгож байна.

Мэдээж Өнөөгийн Удирдлагууд та нарын буянаар ард түмэн дээрх шиг хэт тансаглаж чадахгүй ч та нарын тарьсан тархины ялзралын үрийг ургуулж чадна.

Улс орны хувьд: уул усаа сэндийчэн байж, мянга мянганы түүхтэй өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлэн байж ухаж олсон тэр их мөнгөө битгий салхинд хийсгээд байгаач, Ард түмнээ битгий үгүйрэл хоосролын хаалгыг татахад зааж сургаад байгаачээ бэлэн мөнгө тараана гэдэг нь үүнтэй утга нэг. Өвөг дээдсийнх нь ясыг өндөлзүүлж Ариун газар шороог нь ухаж сэндийлж олсон мөнгөнийх нь өчүүхэн хэсгээр ардыг нь хооллох бус урт хугацаандаа хордуулж байгаа, улс төрийн зорилготой том гэмт хэрэг гэж би харж байна. Өчүүхэн хэсгээр шүү. Мэдээж үлдсэн хэсгийг нь бидэнд үр ашиг, амьдрал болоход хэрэгтэй юманд зарцуулахгүй дандаа өр болж үлдэх эргэж нөхөж орж ирэхгүй үхмэл хөрөнгө оруулалтыг хийнэ. Мөн багагүй хувийг өөрсдөө хувааж халаасална.

Эцсийн эцэст бидний гишгэж байгаа газар, өвс, ургамал, хөрс, шороо, уух ус бүгд амьтай гэдгийг эрдэмтэд батлаад байгаа биз дээ ? 
Гэтэл дээр нь амьдардаг байгаль дэлхий, эх болсон газрынхаа, уул усныхаа амийг хороож өөрийн тансаглал, буруу жаргалыг дэвэргэх хэрэг байна уу ?


Улс орон ч гэсэн зөв замаар зөв бодлогоор үр ашигтай, өгөөжтэй замнахгүй болбоос өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, хүнээс ялгаагүй байдалд орно. Одоогийн нөхцөл байдлаас хараад үзэхэд бид аль хэдийн хангалттай хүнд байдалд орчихсон харагдах юм. Ард иргэд нь ядуу зүдүү, ажлын байр хомс, улс төрчид нь гадагшаа дотогшоо өр зээл тавьж тэр зээлээрээ сонгуулиас сонгуулийн хооронд биелэгдэшгүй даалгавар мэт гэнэн мөрийн хөтөлбөртөө зориулж тараагаад ардын тархийг улам тураагаад байх юм. Бэлэн мөнгө өгнө гэдэг хамгийн аюултай хорлол гэдгийг мэддэг л баймаар?

Итгэхгүй бол хүүхдүүдээсээ хар ... Тансаг бүхнийг эдэлж хэрэглэж, амандаа багтахгүй үгийг хэлж, болохгүй хор бүхнийг хэрэглэж, Улс эх орноо гэсэн өчүүхэн ч сэтгэлгүй, харийн бүхнийг шүтсэн тэр үр хүүхдүүдээсээ хар улс төрчдөө !

Битгий ард түмэнд бэлэн мөнгө тараагаад хийж бүтээх, бий болгох, тэмцэх хүслийг нь далдаар хорлоод унтраагаад бай!!!

Түүний оронд хийж бүтээх, бий болгох гэсэнд нь шалгуур сайтай, хүү багатайхан зээл хэлбэрээр олгоод бай л даа. Үндэсний өөрийн гэсэн бүхнээ дэмж, Хөрөнгө оруул. Шалгуураа багасгах боломжгүй гэхэд хүүгээ тодорхой сегментэд зориулж бууруулж болно биз дээ. Ажлын байр бий болгох, олон улсад өрсөлдөхүйц том үйлдвэрүүдэд мөн Сэргээгдэх эрчим хүчний(Усан цахилгаан станц, нарны, салхины эрчим хүчийг ашиглах) төслүүдэд хөрөнгө оруулаач. Үр ашиг нь: Олон мянган ажлын байр, өөрийн гэсэн чанартай хямд үнэтэй бүтээгдэхүүн мөн байгаль орчинд хор хөнөөлгүй, утаа угаарыг бодитоор багасгах, цахилгааны зардал эрс буурах гэх мэт мань мэтийн хүн тоолоход ч амар дуусахгүй олон давуу талууд бий болно доо.

Өөр өч төчнөөн үр ашигтай, ард түмэндээ бодит утгаараа тус болж чадах, санхүүгийн арга хэрэгслүүд байгааг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ганцхан 5-н мэдрэхгүй, 4-н мөч Гавал тархийг чинь наад мөнгөөр таглуулсан эрх ашиг чинь хаагаад байгаа биз.
Буурь суусан жаахан хүүхдээс долоон дор Эх орондоо хандахаа болиоч
 дээ ?

Та нар улам хурдан байгалиа сүйрүүлж, улам их идэж, улам их таргалж, улам их өвчний үүр болж тэр хэрээрээ улам хурдан үхэцгээгээрэй. Дунд нь үрэгдэх Ард түмэн минь, эх болсон газар нутаг минь,  минь даанч хайран.
-Ард түмэндээ амжилттай ажиллах, амьдрах, хийж бүтээх Боломжийг нээж өгөхөөс биш битгий баах баасыг нь бэлдэж өг.
-Битгий газар шороо уул усаа ухаад мянга мянганы тэртээх өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлээч!
-Одооноос Дунд сургуулийн боловсролын системд санхүүгийн зайлшгүй мэдэх шаардлагатай хэмнэх, хуримтлуулах, үр ашигтай хөрөнгө оруулах талаар, ирээдүйд сонгох мэргэжлийг нь харгалзахгүй зааж өгдөг оруулдаг болмоор байна. Үгүй бол үхэлрүүгээ яарах мэт зовж олсон мөнгөөрөө наргиж цэнгээд, тансаглаж үрээд дуусгадаг үрэлгэнчүүдийн армиас хэзээ ч Улс эх орныг, ард түмнийг гэдэс цатгалан амьдруулж дийлэх ухаантан төрөхгүй нь.

-Инженер, хуульч, барилгачин, мужаан ер нь бүхий л мэргэжлийн хүнд өөрийнх нь сурах мэргэжлээс дутуугүй хэрэгтэй мэргэшил бол санхүүгийн тухай суурь ойлголтууд гэдгийг бүр сайн ухуулж таниулах хэрэгтэй. Энгийн нэг иргэний санхүүгийн мэдлэг зарцуулж буй хэлбэр нь ганц тухайн хүндээ бус улс эх орондоо асар их нэмэртэй байдгийг ойлгуулах хэрэгтэй. Сэтгэлгээг нь эерүү зөв болгох хэрэгтэй.

Ганцхан ширхэг чихэр худалдаж авахдаа ч үндэснийхээ бүтээгдэхүүнийг Сонгодог байх Эх оронч хүмүүжил төлөвшлийг Түүнээс ч урьтаж үр хүүхдүүддээ боловсролын системээр дамжуулан суулгах хэрэгтэй. Тэгж байж Монгол хүүхдээр Монгол хүн хийж авна шүү бид.

- Эх түүхийнх нь бахархал бүрийг боловсролын системд сайтар тусгаж баймаар байна. Монголоо алдсан, харийг шүтсэн бүхэн энэ улс орны төлөө сэтгэлээ чилээж, зүтгэлээ зориулах нь юу л бол.

- Улс орон гэдэг бол хил хязгаартай, тусгаар тогтнолтой, бие даасан батлан хамгаалах хангалттай чадамжтай нөөц бололцоотой байх ёстой. Монголчууд бид хэзээд тоогоор 2 хөршөөс дэндүү цөөхөн байж ирсэн. ЭНэ тохиолдолд яс цусныхаа тусгаар тогтнолыг эдийн засгаас илүүд эрхэмлэн чухалчлах хэрэгтэй.


- Мөн нарийн цариг гээд байгаа энэ асуудлаа эрүүл ухаантай хүний толгойгоор бодоод дэмийрэл гэдгээ ард түмэндээ зарлаад дахиж энэ тухай ам хэл нээхгүй, ил далдаар санаа гаргаад байхгүй байхыг хүсье.

- За тэр Хятадын банк гээд байгаа тэнэглэлээ болино гэж найдаж байна. Ямар ч тохиолдолд хичнэээн ч бага хүү санал болгож байлаа гэсэн банк санхүүгийн системээ, ард түмнээ хар хятадын боол болгов доо. Тэр банкнаас чинь ядарсан ардууд, хүү багийг нь бодоод тэр чигээрээ оочирлоод зээл авчихна. Энэ тохиолдолд Бид бүгд сэлэмнийх нь ирэнд толгойгоо өгсөнтэй ялгаагүй. Эдийн засаг бизнес, ард түмний хувийн болон бүхий л мэдээлэл өмч хөрөнгийн хамт хятадын мэдээллийн санд орно.
Жишээлбэл: Надад чиний мэдээлэл байдаг, чамд миний мэдээлэл байхгүй тэгээд би том улс, чи жижиг улс мөртлөө асар их баялагтай, том газар нутагтай, жаахаан хүн ардтай бол чиний мэдээлэлд түшиглэн, давуу талаа ашиглаад өмч хөрөнгө баялаг газар нутгийг чинь хүн ардынх нь хамт өөрийн харьяанд оруулахыг би хүснэ гэдгийг бодоорой. Тийм боломж хэзээд бүү олго!


- Одоо цагийн 2 том гүрний дунд байгаа ч гэсэн бүхнээс эрхэм бүхнээ, амь биеээ үл хайхран хамгаалдаг байхыг хүсье. Чадахгүй бол чадах хүнд нь төрийн эрхээ өгцгөөгөөрэй. Хөх толботон хэзээд цөөхүүлээ, хэзээд энэ 2 улсын дунд нь байсан ч хэзээ ч өнөөгийнх шиг доройтож, бүх талаараа мухардсан удаагүй. Их гүрэн гэсэн хандлагаар 2 хөрш дарамталдаг байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ хувь хүнд учрах дарамт шахалт зовлон ард түмэнд ирэхээс хэдэн зуу дахин хөнгөн тусдаг гэдгийг санаарай. Ард түмнээ эх оронч сэтгэлгээн дээр нь нэгтгээд зовлон гунигаа ний нуугүй хэлж хэлэлцээд яв л даа. Магадгүй дундаас нь та нараас ч мундаг удирдагч гарч ирээд аваад явах юм бил үү. Бүр болохгүй бол ард түмнийхээ төлөө гавьяатай үхэх сонголт байгаа шүү. Хүн нэг үхэхээс мянга үхэх биш. Их баасан ч бага баасан ч өмхий гэдэг шүү дээ. Үхвэл тэр л биз. Ард түмэн эх орондоо үнэнч байсаар бусад орны эрх баригчдын золиос болбол тэр л биз. Харин ч нэр төртэй үхэл мэт.

Хэзээ ч бүү ард түмэн эх орон, газар шороогоо худалдаарай. Худалдаад эхэлсэн бол байдаг бүх аргаараа буцаагаад өөрийн ард түмний өмч болгохын төлөө зүтгэ. Амь биеийг бүү хайрла!

 

2014-08-19 19.32