Friday, August 22, 2014

Эх орон үнэтэй юу ?

Дэлхийн тэргүүлэх эдийн засаг, зэвсэгт хүчин, үйлдвэрлэл аж үйлдвэржилтын орон болсон БНХАУ-н соёлыг 500 дахин бага хүн амтай, асар уудам нутагтай, Батлан Хамгаалах, ЭЗ гм бүхий л салбараараа урд Хятадаас хол дутмаг МУ-тай, эн тэнцүү хамтын ажиллагаа хэмээн нэрийдэж "Иж бүрэн стратегийн түншлэлийн хамтарсан тунхаглал" хэрэгжүүлнэ гэдэг үнэндээ "Хэрээг дуурайж хөлөө хөлдөөх галууны үлгэр адил " санагдана. 

Энэ тохиолдолд бид энэ зүйрлэлийн хэрээний дүрд илүү тохирно. Учир нь манай МУ-н Улс төр нь хувийн эрх ашгаа хөөсөн авилгачдаар дүүрэн, Нийгэм нь тогтворгүй ард түмэн нь ядуу зүдүү, ЭЗ нь хямралтай, Батлан хамгаалахын салбарт онцлох хөгжил гэх зүйл үгүй. Улс төрчид нь улсынхаа нууцыг санаатай болон санамсаргүй хэлбэрээр үргэлж алдаж байдаг. МУ-н хэдэн мэргэн буучтай хэдэн танктайг өдөр тутмын хэвлэлээс нь уншиж болохоор ийм сул дорой нөхцөлд байна. Улс үндэстнийхээ тусгаар тогтнол, Аюулгүй байдлын баталгаа, төрийн нууцаа хамгаалах систем ч гэж бидэнд алга байна.

Өөрөөр хэлбэл Ард түмэн, Тусгаар тогтнол, Үндэсний эрх ашгийнхаа төлөө зүтгэх төрийн түшээд, нэгдсэн цогц хөгжлийн бодлого, энэ цаг үед Монголд оронд маань даанч алга байна.
Энэ тохиолдолд
Хамтын ажиллагааны үр дүнд БНХАУ -д шаардлагатай бүхий л улс төр, нийгэм, ЭЗ, Батлан хамгаалахын салбарын хөгжил, онцлог, давуу сул тал гэх мэт Улсын нууцад хамаарах мэдээллээ бид л алдах магадлалтай.

2020 он гэхэд 2 улсын Худалгааны эргэлтийг 10 тэрбум ам долларт хүргэнэ гэж заасан нь энэ түншлэл аль улсад ашгаа өгөхийг нь тодорхойлж байгаа мэт санагдана.
Хятад бол Дэлхийн зах зээлийг үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бүх түвшинд хангадаг. Харин манай улс, Үндэсний хэмжээний томоохон үйлдвэр, ААН, үндэстэн дамнасан экспортлогч компани уул уурхайн салбарын зогсонги хэдээ эс тооцвол бараг үгүй. 40 сая малтай ч 3 сая ард иргэдээ мах сүүгээр хангах битгий хэл, үнийн өсөлтөөр харангадуулж алах дөхдөг систем бидэнд нэгэнт хатуу тогтсон. Үнэндээ Хамгийн сайн чадахыгаа ч хийж үйлдвэрлэж, тэгш хувиарилалтаар, зөв зохион байгуулалттайгаар хямд үнээр ард түмэндээ хүргэж чадахгүй байна шүү дээ бид.Тэгэхээр бид 10 тэрбум ам долларт хүргэх 2талын түншлэлийг хэрэгжүүлэхэд өчүүхэн оролцож, харин урд хөрш маань манайд нийлүүлж болох боломжит экспортын хэмжээгээ Манай улсын ЭЗ-н хүнд нөхцлийг далимдуулан нэмэгдүүлэхээр заасан байна гэж хардахаас өөр нөхцөлгүй харагдаж байна. Эгэл миний нүдээр Хятадаас орж ирэх бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, БНХАУ-н Монголд нийлүүлэх экспортын хэмжээг мөн нэмэгдүүлж тусгасан мэт харагдаж байна. Хэрхэн хэрэгжихийг нүдээр харах үлдэх шив. Миний буруу байж Монголын аж үйлдвэрлэлийн салбар сэргэж, БНХАУ-н өргөн уудам зах зээлд тэрбум тэрбум доллараар яригдах бараа бүтээгдэхүүн экпортлох чадамжтай болно гэж итгэе дээ.

Ер нь Улс төрийн бодлогын суурь нь Ард түмний эрх ашиг, Тусгаар тогтнол, Үндэсний Аюулгүй байдал дээр тогтнодог. Бусад бүх эрх ашиг, үр өгөөж дараа нь орно. Бүхий л авч болох бусад үр ашгийг тооцохоосоо эн тэргүүнд эдгээрийг л эн тэргүүнд тооцож, хамгаалах, сахиулах ёстой байдаг. Гэтэл уг Улс төр, ХУдалдаа ЭЗ,, Соёл хамтын ажиллагаа чиглэлээр баримтлахаар тусгасан бодлого түншлэлээ урьтал болговоос хүндээ хөнгөнөөр сольж, ирээдүй хойчис, Тусгаар тогтнол, улс үндэстнээ урт хугацаанд тавиад туусантай ялгаагүй шийдвэр гаргах нөхцөлөө бүрдүүлж байна.

Мөн Иж бүрэн стратегийн түншлэлийн хамтарсан тунхаглалын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэсэгт " Талууд хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх арга хэмжээ авна. Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг олон улсын чанартай болгох, Баянхошуу-Өвдөг, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Хавирга-Архашаат боомтуудыг байнгын ажиллагаатай болгох ажлыг идэвхтэй урагшлуулна. Цагаандэл Уул-Өлзийт боомтыг нээх ажлыг түргэтгэнэ" гэж тусгажээ. Ямартай ч урд хөрштэйгээ улам ойртсоор л... Ойртох бүхий л боломж нөхцөлийг Төрийн тэргүүнүүд харилцан зөвшилцөж, Тунхаглалдаа тусгаж амжсан байна. Магадгүй би хэтэрхий ухвар мөчит хандаж, хардаж байж болох юм. Гэхдээ л өөрсдийн эх орон ард түмэндээ хүртэхээс илүү ашиг, үр өгөөжийг гадныханд хүртээж, ямар ч саадгүй үйл ажиллагаа явуулах, МУ-д стратегийн түншлэл хийж Хөрөнгө оруулах тухай ч уг түншлэлд дурдсан байна. Цөөхөн хүн амтай асар уудам нутаг, асар их баялагийн эзэн болсон бид хүчээр давуу, бидний газар нутаг, эд баялагт олон мянганы турш шунан дурлаж өнөөг хүргэсэн урд хөрштэйгээ хэт ойртож, үйл зайгүй ахан дүүс болох гэх хэрэг байна уу.

БИДэнд өөрсдийн өнгөрсөн түүхээ ухаж, Одоо цагаа бодитоор үнэлж, Ирээдүйгээ Ард түмнийхээ эрх ашиг, Улс үндэстнийхээ тусгаар тогтнол аюулгүй байдалд тулгуурласан Хөгжлийн цогц бодлогоор жолоодох шаардлага тулгарчээ.


No comments:

Post a Comment